Долоон машин мөргөж, хоёр хүүхэд ноцтой гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр 11:00 цагт товлоод байв. Мөн шүүх хуралдааныг хаалттай явуулсан юм.
Гэвч шүүгдэгч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон тул шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшилжээ.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. Хэргийн талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.
Мөн шүүгдэгч Ч.Маралмаа урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.