Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм.
Замын-Үүд - Сайншанд хоорондын замыг хос болгосноор тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ гэж тооцож байна.
Замын-Үүд-2-Шаргын овоо хооронд шинээр барьсан хос замаар анхны ачааны туршилтын галт тэргийг өчигдөр амжилттай аялуулжээ. Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 3500-4000 тонн жинтэй байдаг бол энэхүү туршилтын галт тэрэг 5000 тонн жинтэй байна. Уг туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн 2 дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсөж байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.