Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Эхний ээлжийн 30 автобусыг Улаанбаатарт энэ сарын 11-нд авчирсныг өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 90 автобус ирсэн. Эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргах бүх бэлтгэл хангагдлаа. Лхагва гаригт 30, баасан гаригт дахин 30 гэх мэтчилэн нийт 117 үйлчилгээнд автобус гарна" гэв.
Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.
- 2022 онд үйлдвэрлэгдсэн;
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй;
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог;
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй;
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай;
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай;
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй;
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан;
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.