Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товложээ.
Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч охины аав оролцсон юм. Тэрээр "Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар "хүндэвтэр" гэж гарсан. Охины шарх нь эдгэрсэн ч гоо сайхан талаасаа сорвитой, хонхойгоод муухай болсон" гэсэн юм.
Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаа нь охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар хохирогч охины өмгөөлөгч "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "хүндэвтэр" мөн гэж гарсан байгаа.
Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу хөнгөн гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа хүндэвтэрт ордог.
Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. 2022 оны аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэсэн юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. Хэргийн талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.