Нийслэлийн Хот тохижилтын газарт өнөөдөр цас цэвэрлэгээний 28 шинэ машиныг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 4 тэрбум төгрөг 2022 онд төсөвлөгдсөн. Энэ хүрээнд зам талбай цэвэрлэх 28 машин, гурван хогийн цэгт хэрэглэх нэг ширхэг бульдозер авах эрх нийслэлийн Хот тохижилтын газарт эрх шилжиж ирсэн юм. Сонгон шалгаруулалтад "Батсээр" компани шалгараад 28 машиныг өнөөдөр нийлүүлж байна. Ингэснээр зам цэвэрлэгээнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө. Өмнө авсан 20 машины 17 нь ажиллагаатай. Судалгаагаар эдгээр техник хэрэгсэл нь зам талбайн цэвэрлэдэг дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж байна" гэлээ.
Харин Хотын дарга Д.Сумъяабазар "2023 онд хот тохижилтын хогийн машин болон бусад машин механизмыг БНХАУ, ОХУ-аас авна. Техникийн шинэчлэлийг 2023, 2024 онд бүрэн хийнэ" гэлээ.
Мөн "Батсээр" ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ "Манай компани БНХАУ-ын "Greenhub" брэндийн хог цэвэрлэгээний машиныг нийлүүлж байна. Эдгээр машин нь хуучин ашиглаж буй машинаас хүчин чадал, багтаамж сайтай. Өвөл, зунгүй ашиглах боломжтой. Самосвал шиг хойд тал нь онгойгоод хогоо буулгадаг, өгсүүр газар урд хүндрүүлэгч нь автоматаар ажиллана. Усны багтаамж 70-100 литр, түлшний сав нь 45-50 литрийн багтаамжтай. Японд үйлдвэрлэсэн 1.1сс мотортой" гэлээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өнөөдөр авч буй машинууд нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авалт хийгдсэн. Нэг сарын дараа цэвэрлэгээнд зориулсан том оврын машинууд орж ирнэ" гэв.