Өнгөрөгч аравдугаар сард жолооны эрхгүйгээр жолоо барьж, явган хүний зам дээр явсан хоёр хүүхдийн мөргөж гэмтээсэн, долоон машин мөргөсөн том осол гаргасан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрөгч арван хоёрдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл олон нийтийн дунд томоохон дуулиан дэгдээсэн энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно.
Тодруулбал, Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагаас эхлэх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоох юм байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.