УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар шинэхэн сайд Х.Булгантуяа саяхан нээгдсэн Хятад, Монголын хилийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа “Ажлаа аваад удаагүй байна. Замын-Үүд боомт нэгдүгээр сарын 8-нээс ажиллаж эхэлсэн. БНХАУ-ын ковидын хязгаарлалт бүрэн цуцлагдаагүй. Бид орж, гарч буй хөдөлгөөнийг эхний удаа бага байлгахаар эхний шатанд 300 хүнийг хилээр гаргасан. Одоогоор Монгол Улсад орж ирэхээр бүртгүүлсэн Хятад иргэдийн тоо бага байгаа. Эрээн рүү ороод буцаж орж ирэх хүмүүс нь ихэвчлэн монголчууд байна.
Эрээнд ПСР шинжилгээ хийдэг ганц төв ажиллаж байна. Тиймээс Монгол иргэд БНХАУ руу гараад буцаж орж ирэхэд хүндрэлтэй байна. УОК-оос өгсөн мэдээллээр БНХАУ-д омикроны дараагийн хувилбар их байна. Хилээр орж ирэхэд асуумж бөглөж, халуунаа хэмжүүлж байгаа.
Дараагийн боомтууд тун удахгүй шат дараалалтай нээгдэнэ. БНХАУ-ын тал хилээр зорчуулах шаардлагаа уян хатан болгоно хэмээн бодож байна” гэлээ.