УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр үүрээр саатуулсан байна. Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг олджээ. С.Батдөлийг эрүүгийн цагдаагийн газраас 48 цагийн хугацаатай саатуулаад байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Иргэн Б-гийн хувьд УБТЗ-д олон жил ажиллаж байгаа. Одоо тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаал хашдаг гэх урьдчилсан мэдээлэл байна.
Ер нь бол энэ талын мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Өчигдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ "Төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлсэн.
Үүн дотор онцолж, төмөр замын тээвэрлэлт, газар олголт холбоотой асуудлыг хэлсэн. Энэ чиглэлийн хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгалын салбар, татварын салбар, тээвэр логистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагааны салбар, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалтнуудын асуудалтай энэ Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлж байгаа.
Бүх салбарт иргэдээс болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.
Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэлээ.