Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ ням гаригт нээгдэх гэж байна. Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх юм.
Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ. Эдгээр зочид буудлын нэр, үнийн саналын талаарх мэдээллээ ирүүлсэн тухай албаны хүн мэдээлж байв.
Зочид буудлуудын өрөөний үнэ 45-288 юанийн хооронд байна. Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг юань 508 төгрөгтэй тэнцэж байна.
Ингээд Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэхэд үйлчлэх зохицуулалтуудыг ГХЯ-наас мэдээлснээр хүргэж байна.
- БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлнэ.
- Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.
- БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө.
- Монгол Улсад ирэх хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж хил нэвтэрнэ.
- Ням гаргаас 8-аас доош хүний суудалтай, 20 машиныг өдөрт хилээр нэвтрүүлнэ. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.
- Эрээн хот руу өдөрт нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
- Ачаа барааг машины заагдсан даацаас хэтрүүлэхгүй байна. Даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацааг шалгах, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.
- БНХАУ аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих иргэдийг нэвтрүүлэхгүй.
- Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүй.