Ерөнхийлөгчийн 2022 оны арванхоёрдугаар сард Япон улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд талууд:
-
Улсын Гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Зүрх, судасны төв байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах
-
Монгол Улсад оношилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчилгээ хийх чиглэлээр монгол эмч нарт мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчин бэлтгэх
-
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчнийг Япон улсад оношлуулах, эмнэл зүйн тусламж авах, Япон улсын нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийх зэргээр хамтран ажиллана.
Шаардагдах зургаа хүртэл тэрбум иений санхүүжилтийг Япон улсын “Токүшюүкай медикал групп” бүрэн хариуцах юм.