Тээврийн хэрэгслээ сүүлийн 5 жил техникийн үзлэгт оруулаагүй бол улсын бүртгэлээс хасах ажлыг Авто тээврийн Үндэсний төв (АТҮТ)-өөс зохион байгуулж байна.
Тодруулбал “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна гэж заажээ.
Тус заалтыг үндэслэн АТҮТ сүүлийн 5 жилээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162.008 автотээврийн хэрэгслийн жагсаалт гаргаад байна.
Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Х.Золжаргал "Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд дээрх тоо огт хамаагүй.
Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй орон сууцны гадаа эсвэл хашаанд байгаа, замын хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах юм. Эдгээр нь АТҮТ-д бүртгэлтэй явдаг. Энэ нь түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргахад тоон мэдээллүүдээс зөрдөг. Бүртгэлээс хассан тээврийн хэрэгслийг бид хурааж авахгүй.
Түүнчлэн жил бүрийн татвар нь эзэмшигчийн нэр дээр нэмэгдсээр байдаг. Бүртгэлээс хассанаас хойш тус тээврийн хэрэгслийн татварын өр эзэмшигч дээр нэмэгдэхгүй.
Харин үзлэг оношилгоонд хамрагдаагүй жилүүдийн татварын өр тухайн иргэнд хэвээрээ үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдахаас өмнөх үеийн татварыг эзэмшигч заавал төлнө.
Харин иргэд маань таван жил хайгаад олдохгүй байсан сэлбэг нь гэнэт олдоод машинаа унахаар болж болно. Тэр тохиолдолд үзлэг оношилгоондоо хамрагдаад, бүх татвар, торгуулиа төлсний дараа бид бүртгэлийг сэргээгээд өгч болно" гэв.
Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ цахим хуудаснаас шалгах боломжтой.