Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс/АТҮТ/ зохион байгуулж байгаа ажээ.
Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Х.Золжаргал "Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд дээрх тоо огт хамаагүй.
Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй орон сууцны гадаа эсвэл хашаанд байгаа, замын хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах юм. Эдгээр нь АТҮТ-д бүртгэлтэй явдаг. Энэ нь түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргахад тоон мэдээллүүдээс зөрдөг. Бүртгэлээс хассан тээврийн хэрэгслийг бид хурааж авахгүй.
Түүнчлэн жил бүрийн татвар нь эзэмшигчийн нэр дээр нэмэгдсээр байдаг. Бүртгэлээс хассанаас хойш тус тээврийн хэрэгслийн татварын өр эзэмшигч дээр нэмэгдэхгүй.
Харин үзлэг оношилгоонд хамрагдаагүй жилүүдийн татварын өр тухайн иргэнд хэвээрээ үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдахаас өмнөх үеийн татварыг эзэмшигч заавал төлнө.
Харин иргэд маань таван жил хайгаад олдохгүй байсан сэлбэг нь гэнэт олдоод машинаа унахаар болж болно. Тэр тохиолдолд үзлэг оношилгоондоо хамрагдаад, бүх татвар, торгуулиа төлсний дараа бид бүртгэлийг сэргээгээд өгч болно" гэв.
Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ цахим хуудаснаас шалгах боломжтой.