Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарсан талаар мэдээлжээ.
Тодруулбал, Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогдсон байна. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр 2023 он гарснаас хойш хоёр хоногийн дотор объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан байна.