Өнгөрөгч аравдугаар сард жолооны эрхгүйгээр жолоо барьж, явган хүний зам дээр явсан хоёр хүүхдийн мөргөж гэмтээсэн, долоон машин мөргөсөн том осол гаргасан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрөгч арван хоёрдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Олон нийтийн дунд томоохон дуулиан дэгдээсэн энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд товложээ.
Хэргийг сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.
Мөн Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 буюу "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийг "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн /27.10-ын 2.2/, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан /27.10-ын 2.4/ гэм буруутай гэж үзэж, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ. Энэ зүйл ангид "тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж Эрүүгийн хуульд заажээ.
Сэтгэгдэл (1)