Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал 22 хоног үргэлжилсний эцэст "жагсаалд оролцогчдын биеийн байдал муудаж эхэлсэн" гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага албадан тараасан билээ.
Гэсэн хэдий ч иргэд, жагсагчид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байв. Гэвч оны эхний өдөр жагсаалд оролцож байсан 24 настай залуугийн бие муудаж, нас барсан тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн нь багагүй дуулиан болов.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "24 настай жагсагч нас барсан гэдэг ташаа мэдээлэл. Цахим хуудаст гарсан мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэсэн байна. Гэсэн хэдий ч жагсагчдын төлөөлөл дээрх мэдээлэл үнэн гэдгийг өнөөдөр дахин цахим хуудастаа нийтэлжээ.