ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болж, нутаг буцахаар болжээ.
Тэрээр 2013 оны есдүгээр сарын 23-наас Монгол Улсад суух ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, одоог хүртэл ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдэж иргэдийн шүүмжлэлийг дагуулж байв. Мөн уг асуудлаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзан, учир байдлыг тайлбарлуулан иргэдийг бухимдуулах асуудал үүсгэснийг өөрт нь анхааруулж байв.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Элчин сайдын асуудлаар санал гомдлоо хэлсэн удаатай юм.