Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрээр "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 чиглэлийн яамдад дараах орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдээд байна.
Үүнд, БОАЖЯ, БХБЯ, БШУЯ, ЗТХЯ, СЯ, УУХҮЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЭХЯ, ЭМЯ гэсэн 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжиж очно. Үндсэн хуулиар Монгол Улсын төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Эрүүл ахуй, амь нас, байгаль орчинтой холбоотой хяналт төрдөө үлдэх ёстой. Бусад төрлийн хяналтыг хувийн хэвшил болон ТББ-уудад шилжүүлж тэр замаар хяналтыг тавьдаг болох ёстой.
Үүнтэй холбогдоод ирэх долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэх юм. Жишээ нь, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагууд биш ийм чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж яваад байгаа. Тэгвэл танхимын хууль батлагдсанаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулдаг байх ёстой. Энэ мэргэжлийн холбоонд нь тэр салбарын мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлнэ гэсэн зорилгыг агуулж байна. Өнөөдөр байгаа холбоодод шууд шилжүүлэхэд учир дутагдалтай байна.
Тэгэхээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ААН-үүдийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг олгосноор мэргэжлийн түвшинд хяналтаа тавих бүх нөхцөл бүрдэнэ. Нэг талаасаа хяналт тавина, нөгөө талаас салбарын хөгжилд хувь нэмэртэй гэж үзэж байна. Ингэснээр төр аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамт, хүнд суртал арилах боломжтой, нөгөө талдаа мэргэжлийн байгууллагууд нь өөрөө өөрсдөдөө шаардлага тавих нөхцөл бүрдэнэ. Ирэх жил мэргэжлийн хяналтын салбарт хөгжил дэвшил авчрах жил байх болно" гэлээ.