Төрийн ордны баруун хэсэгт өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлсэн жагсагчдыг цагдаагийн алба хаагчид эмнэлгийн автомашинаар авч явсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордны баруун хаалганы гадна өнөөдөр жагсагчид нүцгэлж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллага цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн тул цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн ажилтнууд ч ажиллаж байгаа” гэлээ.
Дээрх иргэдийг Дэнжийн мянга дахь түр саатуулах байранд аваачсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд үзлэг хийж, эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байгаа аж.