Монголын Өмгөөлөгчдийн Холбоо оны шилдгүүдээ шалгарууллаа. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулан, мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ түүчээлсэн “Фиделитас Партнерс” ХХН өнгөрч буй оны шилдэг Өмгөөллийн хуулийн этгээдээр шалгарлаа.
Тус хуулийн фирм нь технологийн салбарын компаниудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дагнан ажилладаг ч байгуулагдсан цагаасаа хойш үндсэн үйл ажиллагаанаасаа гадна эрх нь зөрчигдсөн иргэдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, цаашид энгийн иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж захиргааны шийдвэрээс шалтгаалан хохирох байдлыг бууруулах сайн жишиг тогтоохоор хичээнгүйлэн ажиллаж ирсэн юм.
Та бүхэнд тус хуулийн фирмийн онцлох ажлуудаас танилцуулъя.
Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирох явдлыг бууруулах жишиг тогтоов
Тус хамт олон хүний эрхийн хамгаалагч, нийгэм дэх шударга ёсны дуу хоолой нь байж, хэд хэдэн үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд олон нийтийн эрх ашиг, хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, орон байраар хангагдах эрх нь 6 жилийн турш зөрчигдсөн иргэн Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, иргэн Н-ийн нэхэмжлэлтэй үйлчилгээний хөлс гаргуулах иргэний хэрэг зэрэг дээр үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэн ялалт байгуулсан байна.
Мөн БНСУ-аас эх орондоо ирээд Энхсаран сувилалд тусгаарлагдах үедээ үзэл бодлоо илэрхийлж, шүгэл үлээсний төлөө Зөрчлийн болон Эрүүгийн хэрэгт холбогдож, нийт 13 сар үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны улмаас хохирсон иргэн Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийг өмгөөлж, хохирлыг Засгийн Газрын тусгай сангаас гаргуулсныг онцлох нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Мөнхбатын хохирол нэхэмжлэх эрхийг баталгаажуулж, Засгийн газрын тусгай сангаас 16 гаруй сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ нь цаашид хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас иргэнд учирсан хохирлыг төрөөс гаргуулахад жишиг болохуйц шийдвэр болсон юм.
Монголын баримт шалгах төвтэй хамтран хуурамч мэдээлэлтэй тэмцэв
Тус байгууллага үйл ажиллагаа, үнэт зүйлийнхээ хүрээнд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон тооны ажлууд хийж иржээ. Жишээлбэл, Олон Улсын баримт шалгагчдын сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүн Mongolian Fact Checking Center (MFCC)-тэй хамтран цахим орчинд цацагдаж буй мэдээллийн хууль зүйн эх сурвалжийг заах, холбогдох зохицуулалт, эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үнэн, бодитоор хүргэх замаар иргэдийн мэдэх эрхийг бодитоор хангах, олон нийтийн эрх зүйн боловсролыг дэмжихэд хувь нэмэр оруулан 30 гаруй хамтарсан шалгалт хийж, мэдээллийн үнэн, зөвийг тогтоосон нь 245,000 гаруй хүнд хүрсэн байна.
Ковидын үеийн хүний эрхийн зөрчлүүдийг олон нийтэд таниулахаар ажиллав
Тэдний хувьд мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүй, нэр хүндийг өргөх замаар манлайлал үзүүлэх зорилго дор олон ажил өрнүүлсний нэг нь “Эрхээ эдэлье” нөлөөллийн аян юм. Тус аяны хүрээнд Ковид-19 цар тахлын үед Монгол Улсад түгээмэл ажиглагдсан хүний эрхийн зөрчлийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох судалгааны 1, нийтийн эрх ашгийн өмгөөллийн 2 төслийг 18 сарын турш нэгтгэн хэрэгжүүлжээ.
Түүнчлэн цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг “Эрхээ Эдэлье” аяны хүрээнд “Криминал Хууль, хүний эрхийн радио FМ 107.5”-тай хамтарсан 19 дугаар бүхий подкастыг бэлтгэн хүргэснээс гадна цахим хуудсаараа дамжуулан Хуульчаас асууя, Хуульчийн карьер, Хууль ба технологи, “Хэрэг ярья” зэрэг цуврал контентуудыг олон нийтэд хүргэж байна.
Монгол Улсын эрх зүйн системийг сайжруулах, шинэ харилцааг зохицуулах хууль зүйн судалгаа
Монгол Улсын эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, байгууллагын болон өмгөөлөгч нарын мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулах зорилгоор тус фирм нь хууль зүйн бодлогын болон хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын судалгаануудыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт (Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн жишээ дээр, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хийсэн дүн шинжилгээ”, Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага (Эрх зүйн орчныг тодорхойлох бодлогын судалгаа) зэрэг гурван судалгааны бүтээлийг хэвлүүлээд байгаа бол “Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлэх санал, шүүмж”, “Кибер гэмт хэргийн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа” зэрэг эрх зүйн орчинд үүсэж байгаа шинэ харилцааг зохицуулахад хувь нэмэр оруулах судалгааны тайланг танилцуулахаар ажиллаж байна.
Уншигч та бүхэн ЭНД ДАРЖ инфографик татаж авах боломжтой.
Мөн Фиделитас Партнерс ХХН-ийн албан ёсны цахим хуудсанд хандаж, фирмийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай танилцаарай.