Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын төв өргөөг өнөөдөр нээлттэй болголоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг дээр ярих зүйлээ бэлдэхэд тохиромжгүй байгаа учир СТӨ-г нээх хүсэлт тавиад буй.
ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна.
Жагсаалыг буруутгаж байгаа хүн байхгүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно.
Өөрсдийн хүсэл зоригоор жагсаж байгаа иргэдийг зөвлөлдөж, ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Соёлын Төв Өргөөг онгойлгож байна" гэв.
Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчид дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглах зөвшөөрөл олгож байгаа аж.
Үүнээс өмнө нийслэлийн зүгээс жагсагчдад дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгож, ДДЭШ сувгийн антеныг холбуулаад байгаа юм.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш Төрийн ордны Сүхбаатар танхимд болно. Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ.