Монгол улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын 20 гаруй мянган цэргийн албан хаагчид энхийг сахиулахаар үүрэг гүйцэтгээд байгаа юм.
Тэгвэл Монгол улсын Засгийн газар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад НҮБ-аас олгодог томилолтын мөнгөнөөс нь 30 хувийг суутгаж авч байна. Энэ байдал нь 20 жил үргэлжилж байгааг таслан зогсоох ёстойг алба хаагчдын ар гэрийнхний зүгээс мэдэгдлээ. Мөн 2022 оны арванхоёр дугаар сарын 31-нээс өмнө энхийг сахиулах ажилланаад оролцож байсан цэргийн албан хаагчдын томилолтын мөнгөнөөс суутгаж авсан 30 хувийг буцаан олгохыг тэд шаардаж байна.
Маргааш буюу энэ сарын 21-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт дараах шаардлагыг хүргүүлнэ гэв.
Шаардлагад,
Өнөөдөр бодит үнэн бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад албаа нэр төртэй, үнэнч сэтгэлээсээ хааж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагч нарын ажиллах орчин нөхцөл, цалин хангамж, амьжиргааны түвшин гадаад улс орнууд, Өмнөд Солонгос болон бусад улсад хараар ажиллаж байгаа, уул уурхайн “мэргэжил шаардахгүй” ажил болон бусад салбарт ажил хийж байгаа иргэдийн цалин, орлогоос даруй 5-10 дахин бага байна.
Монголын улс төр, нийгмийн байдал, үнийн өсөлт, уул уурхайн салбарын олон их наядын хулгай, дээрэм, бусад шалтгааны улмаас цэргийн алба хаагчдын орлого нь амьжиргааны бодит хэрэгцээтэй хол зөрүүтэй байна. Цалин, ипотек, төрөл бүрийн аппликэшний, ах дүү амраг садан, найз нөхдийн орооцолдсон өр, зээлд баригдаж, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж, зарим нь амиа хорлох хүртэл хүндрэл бэрхшээлийг туулж, бие сэтгэлээр гундаж зорилго, зорилтгүй болсоор байна.
Гадаад улс оронд академи, сургалт дамжаанд тодорхой хугацаанд мэргэжил дээшлүүлж буй офицер, ахлагч нарын үндсэн цалинг 70 хувьд бууруулж байгаа нь тухайн улс оронд сурч боловсроход маш их хүндрэл учруулж байгаа бөгөөд зарим тохиолдолд сонсогч нар өргөдлөө өгөн эх орондоо буцаж, үндсэн албаа үргэлжлүүлэх хүсэлгүй байна.
Эх орноо батлан хамгаалахад зориулж буй тангараг өргөсөн цэргийн алба хаагчид, аав ээжийн хөвгүүд, охид яагаад бусад салбараас 5-10 дахин бага цалин хөлс авах ёстой вэ?
Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 10-15 жил тасралтгүй алба хаасан туршлагатай бие бүрэлдэхүүн, 1-5 жил ажилласан залуу төгсөгч, туршлага сууж байгаа 20-40 насны офицер, ахлагч нар албаа шалтгаангүй орхиж байна вэ?
Яагаад эх орны минь дархан хил, ариун газар шороо маань эх орноо батлан хамгаалах Хуурай замын, Агаарын, Тусгай хүчний төрлийн цэрэг, Хилчин дайчдаар дутаж байна вэ?
Яагаад тэдний аав ээж, гэр бүл, үр хүүхдийн амьдрал улам бүр доройтох ёстой юм бэ? Цэрэг, армийн хүнд хэцүү алба, мэргэжлийг сонгосон тэдний буруу юм уу? Цэргийн цолыг яагаад улс төр, урлаг, соёл, спортынхон, үндэсний бөхчүүдэд үнэгүйдүүлэн харамгүй өгч байгаа юм бэ? Бүр дэд ахлагчаас төрийн генерал хүртэл төрнө вэ? Яг одоо зарлиг, шийдвэрээ гаргаж цэргийн цолыг тэнээс хурааж авахыг шаардаж байна. Хэрэв цэргийн цолыг зайлшгүй өгөх шаардлагатай юм бол ядаж офицер цолонд хүрдэггүй, байлдагчаас ахлагч хүртэл цол олгодог баймаар байна. Дархан аварга Хорлоогийн Баянмөнх "Ардын армын ...дугаар ангийн ахлагч" цолтой байсныг сана.
Дархан хилээ хамгаалж байгаа хилийн цэргийн машин шатахуунгүй зогсож, Зэвсэгт хүчний өндөр мэргэжлийн торгон цэрэг МИАТ ХХК-д харуул хийж, тусгай мэргэжлийн офицер нь түүнийг хараад уйлахад хүрсэн шалтгааныг юугаар зөвтгөх вэ?
Төрлийн цэргийг нохойд барьдаг мод шиг үзэж, төмөр зам, авто зам бусад бүтээн байгуулалтад нойр хоолгүй зүтгүүлж, бие сэтгэлийн өндөр ачаалалтай ажиллуулж байгаа нь бүрэлдэхүүний эрүүл мэндэд ноцтой хор уршиг дагуулж буйг армиас төрсөн Ерөнхийлөгч Та мэддэг үү?
Ядарч туйлдсан ч гэлээ эх орнныхоо нэрийн өмнөөс харийн улсыг зорьж, амь биеэ үл хайхран, эрүүл мэндээ золин зүтгэж байгаа “ЭНХИЙГ САХИУЛАГЧ” офицер, ахлагч нарын томилолтын мөнгөнөөс 30 хувийг Засгийн газар ямар үндэслэлээр авч байна вэ? Энэ бүхний хариултыг 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө өгөх, энхийг сахиулах ажиллагаанд амь биеэ үл хайхран зүтгэсэн 20.000 гаруй цэргийн алба хаагчид, тэдний ар гэр, үр хүүхдийг баярлуулахыг шаардаж байна.
Хуучирч муудсан цэрэг цамцны дотор эх орон, хайртай бүхнээ гэсэн халуун зүрхнээс өөр юу ч үлдсэнгүй... Эрхэм Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-ийн хүндэт гишүүд ээ!
Монгол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын одоо авч байгаа цалинг 10 дахин нэмэгдүүлж байж цэрэг, арми жагсаалдаа бүрэн байх болов уу гэж бодно.
Дээрх хууль хүчний байгууллагын ар гэр, ахан дүүс төлөөлж энэхүү эсэргүүцлийн шаардлагаараа тайван жагсаалд нэгдэж байна. Хариуг холбогдох яам, агентлагтай яаралтай зөвшилцөн, хамтран шийдвэрлэх арга замаа бидэнд танилцуулахыг шаардаж байна. Бид эх орондоо сайхан амьдармаар байна.
УИХ, Засгийн газар, яамдын дэргэд иргэдийн оролцоог үлэмж нэмэгдүүлэх, хяналтын хороог байнгы ажиллуулахыг шаардаж байна.
Иргэд, ар гэрийн төлөөллийг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг хийж, хамтран ажиллах төлөөлөгч томилохыг шаардаж байна" гэжээ.
Мөн Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын ар гэрийнхний зүгээс ард иргэддээ хандан дараах уриалгийг хүргүүлж байна.
"Эрхэм хүндэт эрхээ хуулиар хязгаарлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж буй офицер, ахлагч нарын аав, ээж ах дүү гэр бүл найз нөхдөө!
Бидний хайрт эх орны хөвгүүд охидын өнөөдөр авч байгаа цалин амьралын бодит хэрэгцээнээс 5-10 дахин бага байгааг та бид бэлхэнээ мэдэж байгаа. Тиймээс та бид нэгдэн, нэгэн сэтгэлээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр морин цагт "Цалингаа “10 дахин нэмэгдүүлэх”, “уул уурхайн баялгийн хулгайн эсрэг" үгээ хэлж дуу хоолойгоо нэгтгэх, үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна. Та бидний ирээдүй та биднээс л хамаарна. Монгол цэрэг, цагдаагийн алба хаагчийн ар гэр, үр хүүхэд сурч боловсрох, хөгжих эрхээ хязгаарлуулж, амьдрах ёсгүй билээ" гэсэн байна.
Хуучирч муудсан цэрэг цамцны цаана эх орноо гэсэн зүрх цохилж байдаг юм. Маршал Хорлоогийн Чойбалсан.
Сэтгэгдэл (1)