Өчигдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр уг асуудалтай холбогдуулан Ардчилсан Намаас иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, Үндсэн Хуулиар баталгаажсан эрхэнд хүндэтгэлтэй хандахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа.
Тус намын мэдэгдэлд, Монгол Улсын иргэн үзэл бодлоо өөрийн сонгосон хэлбэрээр илэрхийлэх нь Үндсэн Хуулиар баталгаажсан эрх юм. Гэвч харамсалтай нь МАН-ын үнэмлэхүй олонхиор засаглаж буй энэ цаг үед эрх баригчдын зүгээс улс төрийн зорилгоор энэхүү эрхэд удаа дараа халдаж иргэдийн эрх чөлөөг боомилох үйлдэл нэг бус удаа гарч байгаад Ардчилсан Нам туйлын санаа зовж буй бөгөөд Олон Улсын хүний эрхийн байгууллагуудад цаг тухайд нь хандсаар байгаа билээ.
2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг "ажлын байран дээрээ согтуурсан" гэдэг шалтгаанаар баривчилж улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих болсон явдал нь цэвэр улс төрийн зорилгоор түүнээс өс хонзон авч эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гэж Ардчилсан Нам үзэж байна.
Эрх баригч МАН энэ мэт шалтгаанаар өөрсдийг нь шүүмжилсэн болон тэмцэл өрнүүлсэн иргэдэд эрүүгийн хэрэг захиалгаар нээлгэж цагдан хорьж байгаа явдал нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн олон гэрээ конвенцийг уландаа гишгэсэн үйлдэл юм.
Цаашид энэ байдал энэ мэт даамжирвал эрх чөлөөний индекс ухарч Ардчилсан улсуудын жагсаалтаас хасагдах хүртэл доройтож болзошгүй байна. Энэ бүх үйлдэлдээ МАН түүний удирддагууд дүгнэлт хийн иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, түүний Үндсэн Хуулиар баталгаажсан эрхэнд хүндэтгэлтэй хандахыг Ардчилсан Нам хариуцлагтайгаар шаардаж байна.
Мөн энэхүү мэдэгдлийн хувийг АНУ-ын ЭСЯ-нд, Европын Холбооны төлөөлөгчийн газар болон ЕХ удирдаж буй Чехийн ЭСЯ-нд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.