Хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөгөөр Хятадын талд түүхэндээ анх удаа 17 галт тэрэг өгсөн явдал нь ковид цар тахлын улмаас сульдаж тамирдсан Монгол Улсын эдийн засгийг идэвхтэй дэмжиж, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг харуулсан.
Цаашдаа экспортын галт тэргийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийн талаар “УБТЗ” ХНН-аас дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсаас төмөр замаар гарч байгаа экспортын ачааны 90 гаруй хувийг гүйцэтгэдэг Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар экспортын тээврийн хэмжээг өсгөх нь Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татвар, валютын орлого нэмэгдэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм. УБТЗ цаашдаа галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. УБТЗ-аар зөвхөн энэ жил 48 сая тонн ачаа тээвэрлүүлэх экспортын захиалга ирсэн нь цаашдаа галт тэрэг солилцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хүчин чадлаа өсгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлж ирсэн. Энэ жил л гэхэд Замын-Үүд-Шаргын овоо хооронд хос зам тавьж байгаагаас гадна Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн төмөр замыг мөн хос болгох ажлыг хийж байна. Энэ ажлыг хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өснө. Мөн гол замын гурван зүтгүүр авч тээх хүчин чадлаа нэмэгдүүллээ. Түүнчлэн, УБТЗ-ын удирдлага удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Хятадын төмөр зам Эрээн өртөөний ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг энэ жил нэмэгдүүлэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийсэн. Ийнхүү гадаад болон дотоод талдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсээр байна.
Цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр хоногт солилцох галт тэрэгний тоогоо албан ёсоор тохирох шаардлага үүссэн. Жил бүр хуралдаж ачаа тээврийн хэмжээгээ тохирдог энэхүү хэлэлцээрээр өнөөдрийг хүртэл хоногт 14 галт тэрэг өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Энэ нь өнөөдөр жил бүр өсөн нэмэгдэж байгаа экспортын тээврийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тийм учраас энэ асуудлыг гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр удахгүй нааштайгаар шийдвэрлэнэ гэж итгэж байна.