Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтыг баталжээ.
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг татвараас чөлөөлнө.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн шинэ автобусны тоог нэмэгдүүлж, үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан юм.
Дашрамд, БНХАУ-аас ирэх оны нэгдүгээр сарын 5-нд 100, хоёрдугаар сарын эхээр 124 шинэ автобус орж ирэхээр болсныг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлсэн юм.