Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу өчигдөр орой мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт "2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380,000 тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байсан. Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379,000 тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн. 2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон.
Сэтгүүлчид Б.Асралт эл асуудалд холбоотой учраас ажлын хэсэгт орж болох уу гэж асууж байна. Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн.
Түүнчлэн машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Гаалийн болон боомтын шинэчлэлийн хүрээнд цахимжуулах ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөсөн. Гэтэл цар тахлаас үүдэн шинэчлэлийн ажил одоо ч дуусаагүй.
Мөн одоогийн байдлаар Гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр нүүрсний тээвэрлэлтийг шалгадаг тоног төхөөрөмж, ажилчдын орон сууц зэрэг дутагдалтай зүйлс бий" гэлээ.