УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаантай асуудлынхаа талаар NTV телевизийн "Улаан Бал" ярилцлагын нэвтрүүлэгт ярьжээ.
Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн "УИХ-ын гишүүний хувиар та өөрийгөө ёс зүйн асуудалд орсон гэж боддог уу?" гэсэн асуултад "Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юмуу. Би төрийн ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчхаагүй, зодоон хийгээгүй. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм бэ. Ард түмэн яагаад миний хувийн асуудалд анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Тэр олон хулгайч нарт анхаарлаа чиглүүл л дээ" гэж хариулсан нь олны анхаарлыг татаад байна. Магадгүй түүнийг гишүүн агсан Г.Батхүүгийн аллагад буруутай этгээдийг мэддэг байх гэсэн хардалт төрж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг "Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Ч.Ундрам гишүүн 2019 оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу" гэжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож (уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “давилуун” “сэхүүн” авирлах нь хэрээс хэтэдсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа. Ээж, эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед архичид, алуурчид, янхандалт, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо. Төрийн ордонд архидаж, эрдэнэт хүний амь насыг түлхэн унагаж, санаатай бүрэлгэснийг хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол… Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий. Ч.Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийн үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ" хэмээн бичжээ.
2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү гонсноос унаж таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ.