Нийслэлд өнөөдрийн байдлаар Ботаник-Ханын материал болон III-IV хороолол гэсэн хоёр чиглэлд троллейбусаар, Нисэх-Ард кинотеатр гэсэн чиглэлд автобусаар шөнийн цагаар иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн 50 хэрэгсэл өглөөний 05.30 цагаас шөнийн 00.30 цаг хүртэл үйлчилгээнд гарч байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн зорчиж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Гэхдээ сүүлийн үед иргэдээс шөнийн нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж буйтай холбоотойгоор, дээрх 3 чиглэлийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг зорчих урсгалтай хамааруулан, нийтийн тээврийн хэрэгслийн гаралт зэрэгтэй тооцон нэмэгдүүлэх аж.
Нийслэлийн төв замууд дахь зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих захирамжийг даваа гаригаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр автобусны эргэлт хурдасч, иргэд автобусны буудалд удаан хугацаагаар зогсож хүлээх байдал буурч байна гэв.