ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Цагдаагийн Ерөнхий Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол Эрдэнэс Тавантолгой болон жижиг Тавантолгой компаниудын хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн гэдэг асуудал юм. Энэ талаар 2017, 2018 онд сайд, УИХ-ын гишүүд олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. Үүнд УИХ-ын нэр бүхий гишүүн жижиг Тавантолгой компанийн эзэмшигчийнхээ хувиар шалгагдаж байгаа.
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 орчим албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ.
Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, талбай дээр жагсаж байна. Гэвч үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг ард түмэн мэднэ. Иймд аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх ёстой, Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана гэдгийг хэлмээр байна.
Иймд Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэлээ.
Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, хулгай хийсэн хүмүүсийг зарлахыг шаардан Төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна.