Монгол Улсын Их сургуулийн урд Чойбалсангийн хөшөөний хажууд залуус “Чимээгүй эсэргүүцэл” цуглааныг зохион байгуулж байна. Залуус үг хэлэхгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж буй бөгөөд та бүхэн дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой юм.
Энэхүү цуглаан нь ямар нэг байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүй бөгөөд улс төрийн ашиг сонирхлоос ангид үзэл бодлоо илэрхийлэх зорилготой нээлттэй санаачилга юм.
Иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус үг хэлэхгүйгээр чимээгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх арга замыг сонгожээ.
Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлж буй аж.
“Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой бөгөөд эсэргүүцлийн зурагт хуудсыг хэвлэж, үзэл санаа, үнэт зүйлийн тэмцэлд нэгдэхийг уриалж байна.
Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ.
Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ.
Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ.