Монгол Улс, БНСУ-ын улс төрийн харилцаа 2021 онд шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд энэхүү харилцааны нэг хэсэг нь батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа билээ. Энэ харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, дэд хурандаа Э.Түшигийг БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Соб Талархлын бичиг, медалиар шагнажээ.
Уг шагналыг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны Зүүн хойд Азийн бодлогын газрын ахлах зөвлөх Сон Ги Уг гардуулсан байна.
Дашрамд дуулгахад, Монгол Улс, БНСУ анх 1996 онд цэргийн атташегийн түвшинд батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ БНСУ-ын цэргийн их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нийт 20 гаруй офицер, ахлагч, сонсогч суралцаж, жил бүр харилцан туршлага солилцох хамтарсан сургууль, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх найрамдлын төлөөлөгчдийг солилцож байна.