2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11 настай хүүхэд хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, онц хэрцгийгээр нэгийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Шүүх хурлын шийдвэрийн хураангуйг хүргэж байна.
Бага насны хүүхэд /11 настай/ Бат нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Батад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Батыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Батыг “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.