Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 12:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлэв.