БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг "Тавантолгой түлш" ХХК няцааж, энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодном “Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй. Нэг тонны савлагаатай хагас коксжуулсан нүүрсийг оруулж ирээд 25 кг шуудайд савлаж зардаг гэх мэдээлэл худлаа. Бид 25 кг-ын савлагаатай нүүрсийг иргэдэд, нэг тонны савлагаатай нүүрсийг ААН-үүдэд борлуулдаг. Тиймээс манай байгууллага хятад түлшийг түгээж, борлуулаагүй болохыг тогтоолгоно” гэв.
“Тавантолгой түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн 97 агуулахад нөөцөлсөн бөгөөд компанийн 3,000 ажилтан 24 цагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Хоногт 14 шугамаар 2500 тонн түлш үйлдвэрлэдэг. 2022 оны аравдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл 111,425 тонн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд борлуулсан байна.