Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр буцаажээ.
Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан болохыг албаны эх сурвалж "Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.
Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэж мэдээлжээ.
Өчигдөр тус хэрэгтэй холбоотойгоор ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Хүний биеийн онцлог гэж байгаа. Нөхцөл байдлууд болон бугшаад явах бололцоотой.Цаашдаа шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана" гэсэн юм.