Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлцэлд хүрсэн нэг чухал асуудал нь хийн хоолойн төсөл байв.
Тодруулбал, байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж, анх удаа Хятадын тал уг төслийг албан ёсоор баталгаажууллаа. Ийнхүү байгалийн хийг худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжих нөхцөл бүрдэж байна хэмээн айлчлалын үр дүнг тодорхойлжээ.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа байгалийн хий дамжуулах хоолойн төслийг Монголын талаас "Эрдэнэс Монгол” компаниар төлөөлүүлэх шийдвэр гаргасан ба энэ хүрээнд “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгуулаад байгаа.
“Эрдэнэс Газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан Ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бүрэн биелүүлж, одоогийн байдлаар 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга Б.Цэвэгжав мэдээлж байв.
Тэгвэл байгалийн хийг худалдан авагч тал болох БНХАУ төслийн анх удаа тунхаг бичигт оруулж, албажуулж байгаа юм.
Одоогийн байдлаар тодорхой болоод буй тооцооллуудаас танилцуулбал, ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө. Тус төсөл нь жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 1,420 мм диаметртэй хийн хоолойн төсөл юм. Газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.
БНХАУ-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүний хэлцэлд хүрсэн онцлох шийдвэрүүдийг танилцуулж байна.
-
1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.
-
2. Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.
-
3. Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.
-
4. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.
-
5. Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцов.
-
6. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.
-
7. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.