УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулав. Тэд Аялал жуулчлалын тухай болон Казиногийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ковидын өмнөх жил буюу 2019 онд 580,000 орчим жуулчныг хүлээн авч, 610 сая орчим ам.долларын орлого олсон статистик бий. Ковидын дараах статистик гараагүй байна.
2020, 2021 онд жуулчингүй байсан. 2019 оны үед ДНБ-ий 6 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байжээ. Аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх үр нөлөөллийг 30%-д хүргэх зорилт тавьж, 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж арванхоёрдугаар сард багтаан батлуулна.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс визийн хамгийн сайн буюу визгүй ангиллын оронд багтсанаа олон улсад зарлах, Монгол руу ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байх мэссэжийг өгөхөөр хуулийн төслийг боловсруулсан. Мөн уг хуулийг дагалдуулан багц байдлаар Казино, морин бооцоот уралдааны, төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийг УИХ-д өргөн барина" гэлээ.