Өнгөрсөн амралтын өдөр орон сууцны хотхон дотор согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хоёр иргэн автомашин жолоодож, чанга дуу тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй бичлэг цахим орчинд түгээд байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн тухайн хоёр иргэн "Би сайдын хүүхэд шүү" хэмээн чангаар хэлж байгаа нь бичлэгт тод бичигдсэн байсан юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолоос "Mercedes-Benz" маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Иймд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хотхон дотор чанга дуугаар орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай гомдол ирээгүй, энэ нь сошиалд тавигдсан бичлэгээр ил болж байна" гэжээ.