Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө.
16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд хандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.
Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв.
“Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.
Энэ онд улсын хэмжээнд 44,331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна.