Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн одоогоос 78 жилийн өмнөх энэ өдөр 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд мэндэлжээ.
Тэрээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр”, “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон шилдэг дууны шүлгийг туурвисан нэгэн.
Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ. Уран үгийг эзэгнэгч, их найрагч Б.Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-нд эх нутгийнхаа хөрсөнд үүрд шингэн үлдсэн билээ.
Түүний “Монгол тургатны 100 тулгатны эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн сэтгэлд нэгийг үлдээх үгсийг буулган хүргэж байна.
-
Бурхнаас өгсөн өгөгдөл хүнийг хатгана. Бурхан өгөгдөл өгөхдөө дон, хүсэл, мөрөөдлийг хамт өгдөг юм билээ.
-
Хүн санах гэдэг аймар. Дэнжийн 1000-ын дэлгүүрт би ижийтэйгээ их адилхан хүн хараад дагуулаад хараад байсан чинь “Цүнх ухах гээд байна. Цагдаа дууд” гэж орилоод. Би ч тэр чигээрээ л зугтаасан. Хувцас хунар ч өөдтэй юм байгаагүй биз. Уг нь ижийнхээ тухай дурсамжин дотор байсан юм.
-
Яруу найрагчдыг эмзэгхэн, хүний сэтгэлийн “юм” түүж яриад байдаг улс гэж ойлгох хэрэггүй. Өөрсдөө ийм эмзэг, мэдрэмтгий юм.
-
Хүний залуу нас гэдэг ухаарсан улсын тоглоом. Би 20 жилийн турш номоо гаргаж чадаагүй. Үсээ их ургуулдаг, тамхи татдаг л гэнэ. Би 20 жил доромжлогдсон. Чаддаг юмныхаа төлөө. 1962 онд анхныхаа шүлгийг бичээд 1982 онд 20 жилийн дараа би анхны номоо гаргасан. Б.Явуухулан багш зүтгэж байж гаргасан юм даа.
-
Хайр гэж нүгэлтэй юм байгаа юм. Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр эхэлдэг юм. Хайрын дараа амь зуух эхэлдэг юм.
-
Амьдрал гэдэг эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах юм.
-
Хамт амьдрах хэцүү биш. Биендээ ээнэгшээд хоёр биенээсээ алдаа харахаа байчихдаг юм. Алдаа хайгаад ч олж чадахаа больсон байдаг юм.
-
Ардын дууны шүлэг шиг шүлэгтэй дуу хийгээд үхэх юмсан гэж их боддог. Ардын дууны шүлгийг бодоод, бодоод, бишрээд, тайлж бардаггүй. Тэр үнэн байгаа нь, сайхан байгаа нь.
“Янлинхуар” дууны төгсгөлд
Булгиулсаар, халгиурсаар яваад өгснөөс нь хойш
Булган чиг нударгаа шалчийтал уйлав гэж байгаа юм. Булга чинь усны амьтан. Уснаасаа хуурай шахуу гардаг амьтан. Тэр булган нударгыг шалчийтал уйлна гэдэг их хайр, их нулимс аа. Ааганд нь тултал хэлчихсэн.
“Аргагүй амраг” дуун дээр тэр хоёр аргагүй амраг салж байх шиг байгаа юм. Тэгсэн тэр дуун дээр
Намс намс намирдаг нь
Нарс модны намиа юу
Намайг чиг дандаа зовоосноороо
Үр минь чи жаргаж яваарай гэдэг.
Салахдаа үр минь чи жаргаж яваарай гэж байгаа юм. Чи жаргаж яваарай гэвэл хараал болно. Гэтэл “Үр минь чи жаргаж яваарай” гээд байна шүү дээ.
-
Авьяас билэг ямарваа нэгэн хүлээгдсэн үүрэг бол бурхны өгөгдөл байдаг юм. Өнөөгийн төрд зүтгэж байгаа хүмүүс өвөг дээдсийнхээ өмнө, Монголын түүхийн өмнө төлөх авлагаа өгч байгаа юм гэж боддог. Чи энэ цагт Монгол Улсыг яаж авч явах вэ гэдэг чинь төрүүлсэн үрээ шалгаж байгаа шалгалт болохоос өөр юм биш шүү дээ.
-
Өөртөө хайртай болохын шалтаг бол улсыг үгүй хийдэг. Өөртөө хайртай байна гэдэг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн бол өөр хүнийг хайрлах хэрэгтэй. Сайхан ханиа, сайхан үр хүүхэд, сайхан нөхдөө, сайхан нутаг усаа, сайхан эх орноо хайрлах хэрэгтэй. Хүний хайрын шалтгууд гүйцэгдэшгүй олон. Тэр дундаас өөрийгөө хайрлахын шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр амьтан.
-
Ямар ч сонсголонгүй үгийг хэлхэхэд яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг гэдэг барилдахуйн чанараараа мундаг юм.
-
Сүү зовдог юм. Саяхан төрсөн тулгар эх хүүхдээ амлуулж чадахгүй, хөхөнд нь сүү чинэчихсэн хагараад цустай сүү гараад байхад сүү жаргахгүй шүү дээ. Хүүхдийн ам руу цутгаж байж сүү тайвширдаг бол яана. Дээшээ цацуулж байж сүү жаргадаг бол яана.
-
Туйлын үнэн гашуун бөгөөд хатуу. Үг бол үхэл шиг хатуу байх ёстой.
-
Хэрвээ чи ухаантай юм бол өглөө бүхэн үхлийн тухай бодож бай гэсэн зарчим би баримталдаг. Би маргааш үхнэ гэж юмаа хийдэг байх ёстой. Үхэл гэдэг зөгнөөд дуудаад даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо явна. Үхлийг би босоо байрлалтай гэж боддог юм. Тэнд царцсан хэвтээ байдалтай очих учир огтлолцох байх гэж боддог.
-
Хүн бол өглөө унтаж сэрээд хамгийн анх сонссон үгнийхээ интонаци, зөв буруугаар л тэр өдөр өнгөрдөг. Наполеоныг илд буу хоёр ийм том болгоогүй юм. Наполеоныг эмээ нь том болгосон юм гэж. Эмээ ээж нь өглөө Наполеоныг сэрээхдээ “Францын алдарт хүү минь сэр, сэр. Францын агуу хүү минь сэр сэр” гэж сэрээдэг. Хүн юу сонсож өндийнө, юу сонсож өснө тэр л жамаар явдаг шиг байгаа юм.
-
Тэгшитгэл гэдэг хүнд өгч байгаа алмайрал. Ямар ч мөрөөдөлгүй, идэвхгүй, илүү юмийг хүсдэггүй, бусдад байгаад атаархдаггүй тийм үед амьдарч бид байлаа. Ардчилал бол дэлхийгээр тэнэж явж байсан эд. Мэдрэмтгий хүүхдүүд ирээд талбай дээр асгачихаж. Мартин Лютер Кингийг би их өрөвддөг. Тэнд өгүүлбэр болгоныхоо төгсгөлд мөрөөдөж байна гэж хэлдэг байсан.
-
Ард түмний хилэн бадарсан цагт цусаар ч та нар унтрааж чадахгүй гэж би өргөмөл хүүхэд шиг нутгаа орхиод явсан түшмэдэд хэлдэг юм.
-
Бид нарын он цагт болж байгаа нэг дуулиан бол өөрийгөө мэдрэхгүй юм. Би ямар, хэр хэмжээний оюунлаг, хэр чинээний боловсролтой, хэр чинээний хүнлэг, хэр дайны хүн билээ гэдгээ бодож чадахгүй байна. Зөвхөн хүсэлдээ хөтлөгддөг он цагт амьдарч байна.
-
Оюунлаг гэж магтах нь таниагүй хүнээ магтах анхны долоолго гэж би боддог. Оюунлаг гэж үр дүнгээ өгсөн хүнийг хэлдэг юм. Эх орондоо, ард түмэндээ.
-
Энэ он цагт магтах л зохихгүй он цаг. Магтаал шагнал хоёрыг би энэ зуунаас хасмаар байгаа юм.
-
Үнэнг хожим ирэхийг хүлээвэл хүний нас даанч богинохон.
-
Ил далд нэг л үгтэй дуусах нь миний амьдралын зорилго.
-
Он цаг гэдэг хүн нь эвтэй байхын нэр биш шүү дээ. Ухаан, уламжлал хоёр эвтэй байхыг хэлдэг болохоос хүн нь хүнээ долоож байгааг эв гэж хэлдэггүй юм. Хэдийгээр бид эв муутай ч бие биенийгээ ирлэдэг билүү хутга шиг явж ирсэн.
-
Хатуу үг гэдэг бие эсгэдэггүй, сэтгэл эсгэдэг айхтар хурц хутга шүү дээ. Ийм хүнд юмыг би хүн рүү онилчихоод тэр яаж яваа бол гэж бодоод үгнийхээ хойноос харамсах сэтгэл төрдөг юм. Яаж үүнийг цайруулъя даа гээд зовдог. Зүрхэнд шигдсэн үг яаж цайрах юм. Цайрахгүй шүү дээ.
-
Би бол хариугүй зөөлхөн амьтан. Нэгдүгээр ангид ортлоо мөөмөө идсэн. Хичээлд явахынхаа өглөө мөөмөө үмхчихээд гарч байсан. Тийм болохоор би ингэж зөөлөрсөн юм болов уу гэж боддог.
-
Уламжлал шинэчлэл хоёрын дундаас яруу найрагч төрдөг юм байх. Он цаг өөрөө найрагчтайгаа ирэх байх. Он цаг өөрөө нэвсийтэл дагуулаад ирдэг юм биш үү.
-
Бүсгүй хүнд их ухаан зохидоггүй гэж хэлэхэд алдас болох мэт санагдавч эмэгтэй хүнийг ухааныг нь гартал зовоох хэрэггүй гэсэн санаа юм. Ухаан гаргатал нь зовоомооргүй улс байхгүй юу. Ухаан туйлдаа хүрнэ гэдэг нулимсаар илэрнэ, багтралаар илэрнэ.
-
Эмэгтэй хүний орчлонд гутах эмзэг чанар нь эрэгтэй хүнээс хамаагүй наагуур.
-
Хүн хууль дундуур, ёс заншил дундуур, жудаг, сэтгэл, хүн чанар дундуур урсаж өнгөрдөг. Орчлонд дэндүү зоргоороо байна ч гэж юу байхав. Орчлон хязгааргүй эрх дураарааг өгөөгүй юм шүү дээ. Би хүнийг хорвоод ирэхдээ зовох гэж ирдэг гэж боддог.
-
Хүйсэндээ багадсан эр хүн, эрээ чамласан эм, эхийн нулимсаар хирээ угаасан үрд би дургүй. Улс эх орон, энэ дэлхийн итгэлийн төвийг эр хүн, сэтгэлийн төвийг эм хүн авч явдаг гэж хэлэх гээд байна.
-
Хүнд хүн шиг том өглөг байдаггүй юм гэнэ лээ.
-
Хүүхэд эцгийгээ хэзээ ч ойлгодоггүй юм байна. Яагаад гэвэл эцгийн хайр ижийн хайр шиг ил гардаггүй юм байна. Тийм учраас аавыгаа хүүхдүүд ойлгодоггүй юм байна. Эцсийн эцэст аав гэж хүн ямар хямдхан хүн юм бэ гэж бодож байгаа юм.
-
Анх хэлсэн үгэндээ багтаад өтөлсөн бол тэр хурим гэж боддог.
-
Эгшиглэнт чанар, үгийн баялгаараа монгол хэл бол агуу. Монгол үгээр хайку шүлэг бичихээр элбэг дээл шиг элбэгдээд байдаг юм.
-
Монголын оюун ухаан бусдаас илт давамгай.
-
Үрэх гэж биш үлдээх гэж эх оронтой байдаг юм.
-
Аливаа урлаг уралдаанаар хөгждөг зүйл биш.
-
Их сэтгэл хүнээс авчихаар эргүүлээд өрийг нь төлж чаддаггүй юм. Эргээд дийлэхгүй бол хэцүү шүү дээ.
-
Сэтгэл хүрсэн газар үйл явдал хүрдэг.