Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхэн үед нийслэлд хүйтний эрч эрс чангарахыг анхааруулаад буй.
Тэгвэл Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Цас их орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн" гэдгээ мэдэгдсэн юм.
Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ.
Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, Ковид эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна" гэв.