Өнөөдрөөс lavlagaa.e-mongolia.mn систем ажиллаж эхэлж байна.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Хууль, шүүхийн салбар, банк санхүү гээд олон салбарт эрх зүйн шинэчлэл хийж чадвал олон гацаанаас гарна. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд бид яамдтай тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.
Шинээр байгуулагдаж байгаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар түгжрэлийг бууруулахад өргөн агуулгаар дэмжлэг үзүүлнэ. Төрийн үйлчилгээг цаашдаа операторын горимд шилжүүлнэ. Төрийн цахим үйлчилгээг хурдан хүргэх үүднээс бүх аймаг, суманд операторын үйлчилгээ үзүүлэх эрхийг хувийн хэвшилтэй хамтарч аутсорсинг хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Цаашдаа банкууд, хувийн байгууллагууд, цахилгаан холбоо, шуудангийн болон оператор компаниуд хүртэл төрийн үйлчилгээг үзүүлдэг бодлогын менежментүүдийг зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд нэг цэгийн үйлчилгээ зургаа байдаг. Энэ зургаан цэгийн үйлчилгээ бүхэлдээ нэг дээвэр доорх олон цэгийн үйлчилгээ болж, хүнд суртлын түгжрэл болсныг менежментийн хувьд өөрчлөн зохион байгуулж, операторын горимд шилжүүлнэ. Нэгэнт гэрээ хийгээд төрийн үйлчилгээг хувийн байгууллагууд авч байгаа тул мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангавал бид операторын үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтран хийнэ" гэлээ.