x

Чингис хааны мэндэлсний ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нийг Монголын төр, ард түмэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд Эзэн хааны маань түмэн өлзий гийсний 860 жилийн ой давхцан тохиож байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа зарлан хуралдуулж байна.

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн одон - Чингис хаан одон хүртээдэг уламжлалтай.

Энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд нарт хүртээлээ.

Академич Д.Доржготов, профессор Жак Уэтерфорд болон Чингис хаан одонт Хүндэт эрхмүүд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, хүндэт зочид төлөөлөгчид, Монголынхоо нийт ард түмэнд Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Монголчуудын монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол өв соёл, агуу түүхээрээ бахархах МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.

Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Чухам тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм.

Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү түүхэн ойг угтаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн хааныхаа агуу үйл хэрэг, үнэт өвийг судлан дэлгэрүүлэх, дээдлэн мөнхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан.

Өнгөрсөн сард дэлхийн жишигт нийцсэн, Ази тивд томоохонд тооцогдох “Чингис хаан” хаад язгууртны музейг бүтээн босгож, ашиглалтад орууллаа. Энэхүү музей Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан, түүний угсааны алтан ургийн ноёдын уг сурвалж, үйл хэрэг, монголчуудын бүтээн бий болгосон соёл түүхийг өргөн дэлгэр нээн харуулж чадсан нь хүн төрөлхтний түүх, Чингис хааны судлалд монгол түмний оруулж буй үнэ цэнэтэй хувь нэмэр гэж үзэж байна.

Хоёр хоногийн өмнө бид монголчуудын эх түүх, утга соёлын түүхэн дурсгалт бүтээл “Монголын нууц товчоон”-ыг 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, эрдэмтэн доктор Балдандоржийн Сумъяабаатарын бүтээн туурвисан “Монголын нууц товчоон: Иж судалгаа” хэмээх 2262 хуудастай номыг танилцуулж, нээлтийн ёслол хийсэн.  

Мөн Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болголоо.

Эрхэм гишүүд ээ,

Их эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг Монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнийхээ хүчээр дэлхийн бодлогыг тодорхойлогч Эзэнт гүрнийг байгуулж, улмаар энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон билээ. 

Тэрбээр нэгэнтээ “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил энэрэн үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” хэмээн айлдсан түүхтэй.

Энэ бол шударга ёсыг эрхэмлэдэг, гагцхүү хууль засагладаг, ард түмнээ энэрдэг Төр оршин байхын утга учрыг тодорхойлсон хэрэг бөгөөд монгол хүн бүр, түүний дотор төрд алба хаагч хэн бүхэн эрхэмлэн санаж явах учиртай сургаал юм.

Чингис хааны байгуулж төлөвшүүлсэн төрт ёсны тогтолцоо, зарчим, төрийн ёс бэлгэдлийн үзэл санааг Монгол Улс үе үеийн Үндсэн хуулиуддаа тусган өнөөг хүртэл өвлөн уламжлан ирсэн билээ.

Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаандаа үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухлыг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Төр төвшин, түмэн олон маань амгалан байж, хөх Монголын суу алдар ямагт мандан бадрах болтугай.

Улаанбаатар хот

2022.11.24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 17 цаг 34 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 17 цаг 41 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 18 цаг 3 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top