Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр боллоо.
"Чингис хаан" одонг гадаад улсын иргэн анх удаа хүртэж байгаа нь энэ бөгөөд мөн анх удаа хоёр хүнд зэрэг олгох гэж буй юм.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд яригдаж байснаар зүрхний Б.Болдсайхан эмчид олгож болох эсэх талаар асуув.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонд нэр дэвшүүлдэг журам байдаг бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирүүлдэг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, шагнал олгодог журамтай.
Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын гавьяат эмч. Анагаахын ухааны салбарт идэвх санаачилгатай ажиллаж буй манай улсын шилдэг эмч нарын нэг.
Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 буюу тэгш жилийн ой тохиож байна. Иймд түүх соёлоо сурталчлах зорилгоор томоохон олон ажлыг хийж байгаа. Тухайлбал, их хааны эш хөргийг залах зарлиг гаргасан, Засгийн газраас ойн хүрээнд "Чингис хаан" хаад язгууртны музейг нээж, ашиглалтад оруулсан. Үүгээр дамжуулж, Чингисийн билиг сургаалийг таниулан сурталчлах, ШУА-тай хамтран олон улсын хурал зохион байгуулсан зэргээр олон талт ажил хийсэн.
Иймд Чингис хаан, эзэнт гүрний судлалаар, Монголын түүх соёлыг олон улсын тавцанд сурталчилж буй нэрт эрдэмтэнд олгож байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.