Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог билээ.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр болон Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээр амрах хуультай байдаг.
Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт таарч байна.
Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ удаагийн "Чингис хаан" одонг олон бяцхан зүрхэнд амь бэлэглэсэн, удам залгасан зүрхний эмч Б.Болдсайхан гардуулахаар болсон талаар шуум явж эхэлсэн. Харин энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас маргааш буюу лхагва гаригт шагналын эзнийг албан ёсоор мэдээлнэ гэлээ.
Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр амрах хуультай ч энэ жил бямба гаригт буву амралтын өдөр таарч байна.
Түүхээс дурдвал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн үйл явдал болсон юм.
Баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох хуваарь гарчээ.