ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуулийг төгссөн залуус давс цацагч машин бүтээсэн байна. Тэд тус машины анхны загвараа өмнөх долоо хоногт захиалагчдаа хүлээлгэн өгчээ.
Энэ талаар давс цацагч машин үйлдвэрлэгч "KS made in mongolia" ХХК-ийн ерөнхий захирал Б.Баянжаргал "ШУТИС-ийн МИС-ийг төгссөн залуус нэгдэн, компаниа байгуулаад гурван жил болж байна. Давс цацагч машиныг үйлдвэрлэхэд нэг сарын хугацаа зарцуулж, дөрвүүлээ ажилласан.
Анхны туршилтын загвараа хүлээлгэн өгөөд байна. Энэ өвөл хэр ажиллахаас шалтгаалж, ирэх жилийн өвлөөс өмнө үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус машины хувьд 3 кВт хүчин чадалтай. 1.3 тонн давс ачих боломжтой. Энэ тохиолдолд 8 километр газар давс цацна. Харин урд талын хоосон зайг давсаар дүүргэвэл нэг явалтаараа 16 километр газар давс цацах юм" гэлээ.
Манай улсад ашиглаж буй давс цацдаг машинууд том, жижгээс хамаараад 2-3 тонн давс ачих боломжтой байдаг аж.
Дашрамд, ШУТИС-ийн төгсөгчдийн бүтээсэнтэй адил хэмжээний машин нэг тонн давс ачиж, 6 километр газар давс цацдаг байна.