Хосуудыг ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ.
Энэ талаар сайд Х.Нямбаатар "Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно" гэв.
Мэргэжлийн судлаач, эрдэмтэд шууд болон шууд бус алсуур цус ойртолтын түвшинд түүвэрчилсэн байдлаар судалгаа хийхэд алсуур цус ойртолт улсын хэмжээд дунджаар 0.2-0.8 хувиар өссөн дүн гарчээ. Тиймээс ирэх жилээс эхлэн гэрлэлтээ батлуулж байгаа хосууд ДНХ шинжилгээ өгөхийг хуулиар зохицуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, шинэ гэр бүлийг бүртгэж, гэрлэлтийн баталгаа өгөхдөө ДНХ шинжилгээ хийлгэж, цусан төрлийн хамаатан биш гэдгийг нотолж байж, гэр бүл болгон батлах юм.
Манай улс гэрлэлтийн байдлыг судлахад хөдөө баг хороон дотроо гэрлэх үзэгдэл 85.4 хувь, сум дотроо гэрлэж байгаа нь 73.9, аймаг дотроо гэрлэж байгаа нь 86.1 хувь байна гэсэн дүн гарчээ.