Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Дашрамд, хохирогч охины шүүх шинжилгээний хариуг прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хэвээр байна.
Эргэн сануулахад, осол гаргасан 29 настай Ч.Маралмаа нь жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд тэрээр найз залуугаа согтуугаар жолоо бариулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргасан гэж Цагдаагийн газар мэдүүлсэн байдаг.
Мөн шүүхээс түүнд хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.