УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр ААН-ийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний бие УИХ-ын тогтоолын төслийг санаачилж хувийн аж ахуй нэгжүүдээ дэмжих талаар Эдийн засгийн байнгын хороонд тогтоолын төсөл өргөн барьж байна. Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн 500 аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой. Монголын төр татвар төлж, ажлын байр бий болгодог хувийн хэвшлийн байгууллагыг зайлшгүй дэмжих, эдийн засгийг сайжруулах шаардлагатай. Тиймээс энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжиж өгөх байх. Албан паспортыг жирийн нэг сумын дарга өвөртлөөд гадаад явах жишээтэй. Гэтэл үүнийг ашиглаад улсын төсөв, нийгэм эдийн засгийг урагшлуулдаг удирдлагууд хүнд сурталгүй чөлөөтэй хил нэвтрэх ёстой" гэлээ.
Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл нь хил гаалиар түргэн бөгөөд хүнд сурталгүй нэвтэрч байх нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Мөн улс болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж шимтгэлийн хэмжээгээр нь эрэмблэн аймаг бүрт эхний 10, нийслэлд 90, улсын хэмжээний 200 аж ахуйн нэгжийн удирдлагад олгохыг ч тогтоолын төсөлдөө тусгажээ.
Энэ нь ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн компаниудын идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг болох юм.