Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл танилцууллаа.
Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хийсэн байна.
Сайд Х.Нямбаатар "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.
Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд (50-иас доошгүй хувь нь) байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа.
Үүнд, нислэгийн давтамж, тийзийн үнэ мөн Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал байгаа юм.
Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг давхар шийдье гэж байгаа. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгийг хуульд тусгасан" хэмээв.
Мөн Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгаснаа танилцуулсан.
Түүнчлэн агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгоё. Янгир, аргал, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо өнгөрсөн жилүүдэд нээлттэй бус явж ирсэн. Иймд Агнуурын тухай хуулийг хөндөнө.
Ингэхдээ тухайн ан амьтны тоо, өсөн нэмэгдэх байдал зэргийг харгалзан жил бүр мэргэжлийн яамд нь агнуурын тоо хэмжээг гаргаж, гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь түр оператор компаниуд дуудлага худалдаад оролцох замаар авч аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлдэг зарчим руу явъя гэж хэлсэн" гэлээ.