Монгол Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн "Дэлхийн боловсролыг таны хүүхдэд" ТББ-аас гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин К.Азизов нарын хүмүүст хүргүүлсэн юм.
Энэ асуудалд БШУ-ын сайд Л.Энх-Амгалан ямар байр суурьтай байгаа талаар "25 дугаар суваг" телевизэд өгсөн яриаг хүргэж байна.
Тэрээр "УИХ-ын даргад Монгол Оросын хамтарсан сургуулийг ОХУ-д шилжүүлэх эсэх талаарх албан бичиг ирсэн талаарх мэдээллийг одоогоор аваагүй байна. Хэрэв албан бичиг нь албан ёсоор ирвэл УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд нь хүргүүлэх байх.
Монголын өмчлөлд байгаа Орос Гуравдугаар сургуулийг ОХУ-д үнэгүй шилжүүлэх хүсэлт нь эх орноосоо урвасан үйлдэл. Ийм санал дээр гарын үсэг зурсан Монгол эцэг эхчүүдийг маш их гайхаж байна.
Энэ сургуулийг 1992 онд монголын хөрөнгөд бүртгэж авсан. Монголоос санхүүжилт авч, Орос хэл дээр хичээлээ заадаг Монгол сургууль. Монголын өмчийг ОХУ-ын өмчлөлд өгье гэж байгаа хүмүүст үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
Мөн ОХУ-ын элчин сайд "ийм хүнийг сургуулийн захирлаар томил" гэсэн бичиг ирсэн. Энэ бол монголын дотоод хэрэгт орж буй асуудал. Энэ бол уйваагүй явдал. Би ОХУ-ын элчинд тусгаар улсын боловсролын сайд, дахиж ийм алдаа битгий гаргаарай гэж хэлсэн" гэсэн юм.